Миний цаг : Энэ хүнийг мартлаа гэж үү?

Энэ хүнийг мартлаа гэж үү?

Энэ биеийнхээ цусыг есөн удаа юүлсэн

Олон хүүхдийг эхийн цагаан сүүгээрээ хүн болгосон энэ буурай өнөөдөр хүүхдүүдээ хүрээд ирээсэй гээд л харуулдаж, сургийг нь тавьж сууна. Хөвсгөлийн, Зүүнхараагийн зургаан хүүхэдтэйгээ уулчихаад үхвэл гомдох юм алга гэж яриад уйлж байлаа. Өөрөө дөрвөн хүүхэд төрүүлж, мөн дөрвөн гурван ихрийг сүүгээрээ хүн болгосон Б.Оюунчимэг 1993 онд “Монголын гайхамшиг”-аар шалгарч байжээ. Яслийн нэг ангийн 30 гаруй хүүхдийг хөхүүлж, элэгний өвчтэй олон хүнийг цагаан сүүгээрээ хөл дээр нь босгож, 40 гаруй литр цусаа хэн нэгнийг амьдруулахын төлөө өгнө гэдэг хамгийн агуу өгөөмөр сэтгэл.


- Яслийн нэг анги хөхүүлдэг байсан гэсэн. Хүнээс тийм их сүү гарна гэхээр нэг л санаанд багтаж өгөхгүй байгаа юм...

- Би анхны охиноо төрүүлчихээд Спортын төв ордны арын долдугаар яслид өгөөд өөрөө дунд сургуульд багшилдаг байсан. Өглөө зургаан цагт Их тэнгэрийн амнаас хүүхдээ тэврээд, хуурайлах даавуу, өлгийг нь аваад,  хүүхдүүдийн зассан дэвтэр, хичээлийн хэрэглэлээ бариад хотын төв рүү алхаж ирнэ. Залуухан хос бидэнд байр байхгүй, тэгээд улс төрийн товчооны гишүүн С.Батаа гэдэг хүний зуны байшинд өвөлжихөөр оччихсон байсан үе. Нөхөр маань Цэдэнбал даргын комиссар хийдэг байсан юм. Өглөө хүүхдээ яслид нь өгчихөөд өдөр цайны цагаараа очиж нэг ангийн гуч гаруй хүүхдийг хөхүүлдэг байлаа. Өдөрт арван литр сүү элбэг гардаг байсан юм. Сүүгээ саагаад тавихад цөцгий нь бараг хоёр хуруу зузаан тогтчихдог байсан.  

- Яаж яваад гурван ихрүүдтэй холбогдчихов?

- Охины цэцэрлэгт гурван ихрүүдийг асардаг байлаа. Архангайгаас гурван ихэр ирлээ гэж яриад л байсан юм. Гурван ихэр хүүхдийг улсын асрамжид авдаг байсан. Бие нь их муу байгаа, уйлахаараа дуу нь ч гарахгүй, ам нь ангалзаад эхэлбэл уйлж байгаа нь тэр гэж мэддэг байсан гэсэн. Өвөл ханиад их байсан болохоор нэг өдөр яслийн ангиас 17 хүүхэд цэцэрлэгтээ иржээ. Тэгээд хүүхдүүдээ хөхүүлчихээд хоёр литр шахам сүү илүү гараад, түүнийгээ ээжээр крант руу асгуулжж байтал эмч орж ирээд “Цэрэннадмид гуай та юу асгаж байгаа юм бэ?” гэж асуулаа. Ээж тэр цэцэрлэгт тогоочоор ажилладаг байсан юм. Ээж “ Өө, энэ Оюуны сүү гэж жигтэйхэн” гэсэн эмч ээжийг загнаад “Энд хүн үхэх гэж байхад та сүү асгаж байдаг” гээд л загнаад эхэллээ. Тэгэхээр нь би “Хэрэгтэй юм бол доо жаахан ч гэсэн саагаад өгье” гээд дахиад саагаад 300 грамм орчим сүү өгсөн юм. Хүүхдүүдэд сүүг өгөөд, бас дээжээс нь шинэжлгээнд явуулсан юм байна лээ. Шинжилгээний хариугаар  миний сүү нэгдүгээр зэргийнх гэж гарсан. Дуу нь гардаггүй байсан гурван ихэр тэр шөнөдөө дугарч уйлаад, маргааш нь гэхэд час хийсэн дуутай л болчихсон байсан даа. Одоо тэр хүүхдүүд минь 40 гарчихсан, том том эрчүүд болсон.

- Түүнээс хойш дахиж гурван ихэр хөхүүлж байв уу? Ер нь хэдэн хүүхдэд сүүгээ өгч байсан бэ?

- 1963, 1965, 1969, 1972 онуудад Архангай, Хөвсгөл, Увс, Зүүнхараагийн гээд дөрвөн гурван ихрийг сүүгээрээ хүн болгосон доо. Надад нэг зүйл их сонин санагддаг юм. Намайг төрөөд хоёр, гурав хонож байхад юм уу, намайг төрөхөөс хэдхэн хоногийн өмнө дандаа гурван ихэр төрж таардаг. Эмнэлгээс гарсны дараа өглөө, өдөр, оройдоо гурав гурван литрээр нь сүүгээ саагаад явуулна. Би өөрөө дөрвөн хүүхэд төрүүлэхдээ бүгдэнтэй нь хамт гурван ихрүүдэд сүүгээ өгч байсан. Эхийн сүү гэдэг үнэхээр агуу шидтэй зүйл. Би 1970 онд байх даа. Эмнэлэгт хэвтэж байсан юм. Хөхөө саагаад крант руу асгаж байсан нэг залуу орж ирээд “Эгчээ та юун сүү асгаж байгаа юм бэ?” гэж асуулаа. Хөх чинээд, сүүгээ саагаад асгаж байгаа юмаа гэтэл “Та надад сүүнээсээ өгөхгүй юу. Би элэг муутай. Хөхний сүү сайн гэж сонссон юм” гэсэн. Тэг, тэг хэрэгтэй л юм бол ав, асгаж байхын оронд хүнд хэрэг болж л байвал гэж хэлээд өгөөд явуулсан. Сүүлдээ тэр залуугаас гадна долоон хүн хөхний сүү уудаг болж билээ. Сүү уугаад арван хэд хоноход л  тэдний шинжилгээний үзүүлэлт эрс сайжирсан. Анх эмч нар хүмүүст хөхний сүү уулгалаа гээд их дургүйцэж байснаа сүүлд шинэилгээний хариуг үзээд надаас уучлалт гуйж байсан нь ч бий.

-  Сүү сайтай байх нь юутай холбоотой юм болоо? Охидууд тань тантай адилхан уу?

-  Манай том охин сүү сайтай. Элэгний өвчтэй олон хүнд сүүгээ өгсөн. Бүүр эмчилгээгүй гээд, хоногоо хүлээж байсан хүнд сүүгээ өгч, тэр хүн нь найман сар амьдарсан.  

-  Хөхүүлж байсан хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу?

- Архангай, Увсын ихрүүдтэй байнга холбоо барьдаг. Зүүнхараа, Хөвсгөлийн хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй л байна. Энэ хэдэн хүүхэдтэйгээ уулзах юмсан гэж бодоод... /уйлав/. Саяхан хэсэг бие муудахад хүүхдүүдтэйгээ амьддаа нэг уулзаад үхвэл... гэж бодоод... Хөсгөлийн, Зүүнхараагийн гурван ихэр хүүхэдтэйгээ л уулзмаар байна. 70 дөхөж байгаа би хичнээхэн жил амьд явах билээ. Арга байдаг бол барааг нь хараад, зургаа ганц авахуулаад үхэх юм бол надад гомдол байхгүй ээ. Ихрүүдийн баяраар Увсын гурван охин минь Хөвсгөлийн ихрүүдтэй уулзаад, бидэнд сүүгээ өгч байсан нэг хүн байдаг юм. Та нартай уулзахсан гээд л ярьдаг юм. Бүгдээрээ очъё гэж хэлсэн ч уулзахаар товлосон цагтаа ирээгүй юм байна лээ. Энэ жилийн ихрүүдийн баяраар ирэх болов уу гэж харсан ирээгүй. Шуудан бүрээр захиа дайгаад гэдэг шиг Зүүнхараагийнх гэсэн хүн болгоноос асууж сураад, сураг нь гарахгүй байгаа юм. Хөвсгөлийн ихрүүд хотод л байдаг гэсэн. Хөвсгөлийн гурван ихэр маань жаахан хэцүүхэн яваа гэж сонсоод бүүр ч их уулзмаар санагдаад байдаг болсон. Би амьдралд нь тус дэм болж чадахгүй ч гэсэн... Телевизээр хүмүүсийг хооронд нь уулзуулаад байдаг нэвтрүүлгүүдэд хандаж үздэг ч юм билүү гээд л бодох юм. Миний том охин “Ш.Гүрбазарын “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэгт захиа бичсэн. Тантай тэднийг олоод уулзуулж магадгүй” гэж байсан. Тэр захиа нь хүрээгүй юу, яасан юм бүү мэд таг чиг л өнгөрсөн.

-  Гурван ихрүүдэд хэдэн нас хүртэл сүүгээ өгсөн юм бэ?

-  Тэр үед гурван ихэр хүүхдийг шууд улсын асрамжинд авдаг байлаа. Аав ээж нь гэртээ, нутагтаа. Харин хүүхдүүд хотод сувиллын долдугаар яслид гурван нас хүртлээ асруулна. Ихрүүдийгээ аав, ээжид нь хүлээлгэж өгөх гээд бөөн баяр болдог. Увсын гурван ихрийг ээж, аавд нь хүлээлгэж өгөх боллоо. Ээж, аав нь ирээд ясли нэг арга хэмжээ зохион байгуулдаг юм байна. Намайг урих байх даа гээд өдөржингөө харуулдаад, цаг хараад л... Ар гэрийнхэнтэй нь уулзана, танилцана гээд л... Их харж горьдсон болохоор уриагүйд нь гомдоод өдөржин уйлж билээ. Орой манай нөхөр ирээд “Наад нүд чинь яхчихаа вэ” гэхээр нь Увсын гурван ихрийг ээж аавд нв өгчихлөө. Хүлээлгэж өгөхдөө намайг дуудсангүй гээд л... Одоо бодоход залуу насны гэнэн зан байж дээ.

-  Одоо сүүний донор гэж бараг сонсогддоггүй. Тэр үед ер нь олон сүүний донор байдаг байв уу?

-  Яг сайн мэдэхгүй юм аа. Би сүүнээс гадна цусны донор хүн. Осолд орсон хүнд нэг хүн цусаа өгөөд амьдруулж байгаа тухай нэвтрүүлэг телевизээр гарсан юм. Түүнийг хараад л цусаа өгье, болохгүй нь юу байхад гээд цусны төв дээр очиж шинжилгээ өгөөд, түүнээс хойш цусны донор болсон доо. 303 хүнд 43,2 литр цус өгсөн. Хүнд таван литр цус байдаг гэхээр энэ биеийнхээ цусыг есөн удаа юүлсэн байна. Дүү маань элэгний өвчнөөр эмнэлэгт хэвтээд би сахиж байсан юм. Би 500 грамм цус дүүдээ өгчихөөд байж байтал нэг эмэгтэй төрөлтийн хүндрэлээс болж цус алдаад, ухаангүй болчихсон юм. Хүмүүс “Та донор гэсэн цусаа өгөөч” гэхэд нь би дүүдээ өгчихсөн одоо өгөхгүй ээ гэлтэй биш гээд цусаа өгч байсан юм. Уул нь донорууд цусаа өгснийхөө дараа 14 хоног амрах ёстой. Бүүр ухаангүй байсан хүнд цус хийнгүүт уруул, зовхинд улаан туяа татаад ирэхэд нь “Би хүүд нь ээжийг нь, ханьд нь эхнэрийг нь, ээж аавд нь үрийг нь амьдруулж өглөө” гээд бодохоор үнэхээр сайхан байсан. “Морин толгой” гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй мэдэх нэг донор байсан юм. Өөрөө амьд байхдаа бүх эрхтнээ анагаахын дээд сургуульд өгнө гээд гэрээ байгуулсан юм. Бүх эрхтнүүд нь эрүүл саруул сайхан хүн байлаа. Харин тэр хүнийг нас барахад хүүхдүүд нь өгөөгүй. Миний аавынхаа эд эрхтэнийг өглөө гээд яахын, өгөхгүй гэж хэлсэн. Үнэхээр тэр хүүхдүүдийг буруутгах арга байхгүй.

-  Донорууд цалин мөнгө авдаг юмуу?

-  Олон олон хүний амийг аварч байгаа доноруудаа төр засаг харж үзэж байгаа ч юм алга. Одоо цус олдохгүй болоод байна шүү дээ. Доноруудын тоо өдрөөс өдөрт цөөрч байна. Доноруудад өгч байгаа хамгийн том шагнал нь “Шударга журам” медаль. Хүний амийг юугаар ч нөхөж баршгүй. Хутганы ирэн дээр байгаа хүний амийг аварч байгаа хүмүүсийг юман чинээ бодохгүй байна гэдэг их л харамсалтай. Бидний үеийнхэн ч яахав ингээд өнгөрлөө. Харин дараа дараагийн үеийнхнийг маань эрх биш харж үзэх байлгүй дээ. Манайд ганцхан арьсны донортой байлаа. Тэр маань саяхан өөд болсон. Хүүхэд нь түлэгдчихээд ааваас нь арьс авъя гэхэд аав нь өгч чадахгүй байхад тэр донор арьсаа өгч байсан удаатай. Хүний төлөө мах цусаа тасалж өгнө гэдэг бол хамгийн том гавъяа. Төрсөн эцэг нь өгч чадахгүй байхад “Надаас ав” гэж байгаа хүнийг гавъяагүй хүн гэх үү. Би арьсаа, цусаа өгсөн намайг шагнаад өгөөч гээд явдаг донор ч байхгүй. Ингэж байсаар ээлж дараагаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр л байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд бараг 30-аад донор нас барсан. Саяхан хоёрдугаар эмнэлэгт нэг хүнд цус хэрэгтэй байна гээд бидэн рүү ярьж байна лээ. 70 шүргэж байгаа бид цус өгнө гэж байхгүй л дээ. Эргээд төлжихгүй. Угаасаа 18-55 насны хүмүүсээс л цус авах учиртай. Нэлээд эрэл сурал болж байж цус олж өгсөн. Биднийг залуу байхад хүмүүс цусаа өгөх гээд дугаарладаг байлаа. Ахуй хангамж ч сайн байсан. Хоолны мөнгөнөөс гадна, улсын болон олон улсын амралт сувилалд явуулдаг, ямар ч эмнэлэгт очсон очер дараалалгүй үзүүлэх эрхтэй гээд доноруудыг маш сайн харж хандана. Ийм байсан болохоор хүмүүс донор болох гэж хичээдэг байсан.  

 М.Гэрэлтуяа 
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
SUNShine®

Улс нь харж үздэггүй юм аа гэхэд тэр тус хүрсэн хүмүүс нь энэ буянтай буурлыг хааяа ч гэсэн эргэж тойрж болдоггүй л юм байхдаа.
Эхлээд гарчигийг нь хараад орохоос айж байлаа шд

Хэрлэн

үнэхээр гавьяатай хүн байна даа.

Elkhan

1 удаа цусаа өгөөд унаж гаширсан ш д ... Гэтэл айн....

LesTAT (зочин)

Сайхан ярилцлага байна.
Гоё мэдээ оруулсанд баярлалаа. Тэр хүүхдүүдтэйгээ уулзчихаасай тээ. Хэзээний ярилцлага юм болдоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)