Миний цаг : Могой жил иргэдтэйгээ хамтран бүтээх их бүтээн байгуулалтын гарааны жил байх болно

Монголчууд бид билгийн тооллын нэгэн оныг үдэж байна. Улиран одож буй тийн урвагч хэмээх усан луу жилийг багануурчууд бид хийсэн их ажилтай үдэж байгаа бол угтан ирж буй XVII жарны тийн ялгуусан хэмээх усан могой жилийг ч мөн хийж бүтээхээр төлөвлөсөн, эхлүүлсэн олон ажилтайгаар угтаж байна. Монгол түмний их баяр сар шинийн босгон дээр Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавыг сониныхоо зочны хойморт урин цөөн хором ярилцлаа.

- Сайн байна уу? Юуны өмнө таньд сар шинийн мэндийг нийт уншигчидынхаа өмнөөс дэвшүүлье.

- Нийт Багануурчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Билгийн тооллын XVII жарны тийн ялгуусан хэмээх усан монгой жилийн сар шинийн босгон дээр нийт Багануурчууд та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

- Засаг даргын ажлыг хүлээн авснаасаа хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тань талаар ярилцлагаа эхлүүлье.

- Миний бие 2013 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор тамга тэмдгээ хүлээн авч Засаг даргын үүрэгт ажилдаа орсон. Яг нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд төрийн ажилд хүний хичээл зүтгэл, сэтгэл ямар хэрэгтэй байдаг юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Би ажлаа иргэлтэйгээ хийх уулзалтуудаар эхлүүлсэн. Хоёрдугаар хорооны иргэдийн хувьд нийтийн тээврийн ачаалал, тэндээс ЕБС-д Наран хороололд суралцдаг хүүхдүүд нийтийн тээврээр төлбөртэй зорчдогоос үүдэлтэйгээр хүүхдээ сургуульд явуулах үгүй дээ тулсан байдал, ахмадууд голдуу амьдардаг хороонд маань эмийн сан, хэвтэн эмчлүүлэх ортой тасаг байхгүй гээд тулгамдсан асуудал их гэдгийг уулзалтын үеэр иргэд хэлж байсан. Тухайн хороонд хэдэн хүн амьдарч байгаагаас үл шалтгаалан нийгмийн үйлчилгээг ямар нэгэн бэрхшээлгүй авах ёстой. Тэр ч утгаараа ЭМН-ийн даргад хугацаатай үүрэг даалгавар өгч нэгдүгээр сарын 24-өөс эхлэн хоёр ортой эмнэлгийн салбар ажиллаж эхлээд байна. Мөн тээвэр зохицуулалтын албаныхантай уулзаж нийслэлээс авч байгаа нөхөн төлбөрийг 60 саяас 89 сая хүртэл нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх, ингэснээр иргэдийг ая тухтай орчинд зорчуулах, хоёрдугаар хорооноос Наран хороололд ирж суралцаж байгаа хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Мөн нэг болон гуравдугаар хорооны иргэдээс СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой элдэв гомдол санал ихээр ирж байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэх ямар гарц байгааг СӨХ-дын удирдлагуудтай уулзан хамтдаа ярилцсан. Иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хаа хаанаасаа анхаарлаа хандуулан хамтран ажиллахаар тохиролцож, эхний ээлжинд таван байранд камер суурилуулахаар болоод байгаа. Ингэснээр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл бүрдэх бол нөгөө талаасаа орцонд хогоо хаядаг байдал ч таслан зогсоогдоно гэж үзэж байгаа. Ингээд тоочоод байвал олон ажлыг хийлээ.

- Тэгвэл цаашдаа хийх ажлын талаар ярилцвал...?

- Мэдээж хийх зүйл асар их байна. 2013-2016 онуудад өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ардчилсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Мөрийн хөтөлбөрт их олон асуудал тусгагдсаныг манай Багануурчууд мэдэж байгаа. Ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, агаар нь цэвэр багануурт эрүүл чийрэг эрдэм боловсролтой багануурчууд амьдрах болно. Үүний тулд хийхээр зорьж байгаа олон ажлууд бий. Хийх эхлэл суурийг нь тавьж бүтэц зохион байгуулалтын ажлаа ерөнхийд нь хийгээд байна.

- Дүүргийн хувьд ажилгүйдэл хамгийн том тулгамдсан асуудал гэж сэтгүүлчийн нүдээр харагддаг. Иргэд ч ярьдаг. Энэ чиглэлд юу хийх вэ?

- Үнэхээр ажилгүйдэл газар авсан байна. Ажилгүй залуучууд архидах нь их байна. Ажлын байрны талаар ярихаар томоохон үйлдвэр Баганууртаа байгуулаад мянган хүнийг ажилтай болгох юм шиг санадаг. Барьж байгуулж болно. Гэхдээ өсч өндийж байгаа, ирээдүйн ажиллах хүч болсон мянга мянган залуусыг яах вэ гэдэг асуудал босч ирнэ. Тэгвэл үүнийг шийдвэрлэх гарц байна. Солонгос руу ажил хөдөлмөр эрхлэхээр олон зуун мянган монголчууд явдаг. Тэд Солонгост очоод улсынх нь үйлдвэрт бус жижиг дунд үйлдвэрт нь ажилладаг. Багануурт жижиг дунд үйлдвэрийг дэмжсэнээр иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгох, цаашлаад үйлдвэрээ өргөжүүлэн тав, арван ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлнэ. Үүний эхлэл болгож нийтийн эзэмшлийн орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг төлбөрийн ларамтгүй болгох зорилго тавьж байна. Энэ чиглэлээр захирамж гарч Засаг даргын орлогч О.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан бүхий л төрлийн судалгаа шинжилгээ, гарц гаргалгааг хайж байна. СӨХ-д л гэхэд жирийн нэг өрхөөс авч байгаа төлбөртэй ижил хэмжээний төлбөр авахаар тохиролцоод байгаа. Үүнээс гадна гэрээр үйлдвэрлэл явуулж байгаа иргэдэд ирдэг стандарт нэртэй “хадны мангаа”-г үгүй хийнэ. Үйлдвэрлэл явуулж байгаа орчин нөхцөл стандартынх биш гээд мэргэжлийн хяналт хориг саад тавих бус мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тухайн хүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх тал дээр анхаарна. Ингээд ирэхээр ажилгүйдэл асуудал биш болно.

- Таньтай уулзахаар ирэх бүрт үүдэнд нь тань олон хүн цугларчихсан байх юм. Өмнө нь ийм зүйл ажиглагддагүй байсан санагдах юм...?

- Миний хувьд иргэдтэйгээ аль болох амьд холбоотой байж, тэднийхээ үгийг ажилдаа тусгахад ихээхэн анхаарч байгаа. Тиймдээ ч иргэдийг хүлээн авах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өмнөх Засаг дарга нар долоо хоногийн нэг өдөр иргэдийг хүлээн авч уулздаг байсан бол би ажлын таван өдрийн дөрөвт нь иргэдийг хүлээн авах цагтай болсон. Тийм учраас л байнга үүдэндээ хүнтэй байгаа хэрэг. Иргэдийн санаа бодол гэдэг амьдралаас урган гарсан байдаг учраас хийх ажлын маань түүчээ, түлхүүр болж өгч байна. Зөвхөн биеэр уулзаад зогсохгүй өөр олон сувгаар иргэдтэйгээ амин холбоотой ажиллаж байна. Иргэдийнхээ санаа бодлыг нээлттэй сонсох, тэдний хөгжлийн өргөдлийг хүлээн авах зорилгоор 7021-4444 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. Мөн үүнтэй зэрэгцээд мэдээллийн эрин зуунд фейсбүүк, твиттер хаяг ажиллуулж байгаа. Багануур дүүргийн веб сайт, имэйл хаягаар ч мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа. Үүний зэрэгцээ хүн хөдөлгөөн ихтэй таван хорооны байр, ЭМН, Багануур ХК, ЗДТГ, Хэрлэн худалдааны төв, Өргөө соёлын ордон гэсэн газруудад санал авах хайрцгийг байрлуулж байгаа. Эдгээр хайрцгуудаар ч мөн адил иргэдийнхээ санал, шүүмжлэлийг авах болно. Энэ бүх сувгаар хүлээн авсан санал хүсэлтдээ тулгуурлан ажлаа явуулна. Хэдхэн дарга нар хэрхэх талаар ярих биш. Иргэн таны нэг саналыг нэг ажил болгохоор бид ажиллана.

- Таны ярианд хөгжлийн өргөдөл гэсэн өмнө нь сонсож байгаагүй нэр томъёо явж байна л даа. Нэлээд содон сонсогдлоо.

- Тиймээ. Бид өөрсдийнхөө сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Өргөдөл гомдол хүлээж авна гэхээр “Ажилд оруулж өгөөч”, “Гэр өгөөч” гэсэн хүсэлтүүд их байх юм. Харин одооноос эхлээд бүгдээрээ дүүрэг орон нутгаа ингэж хөгжүүлье, миний энэ санаа, төслийг дэмжиж өгөөч гэсэн хөгжлийн өргөдөл, хөгжлийн санааг бид хүлээн авна. Эрхэм Багануурчууд та бүхэн минь өөрийн амьдарч байгаа дүүргээ хэрхэн хөгжүүлэх талаарх хөгжлийн санаагаа бидэнд ирүүлж хамтран ажиллаарай.

- Дүүргийн Засаг дарга ажлаа аваад сар гаруйхан болж байгаа ч чамлахааргүй зүйлийг амжууллаа. Энэ бүхнийг луу жилийн эцэст дүгнэж хэлбэл?

- Бид ажлаа хүлээн авсан цагаас эхлэн ханцуй шамлан зүтгэж байна. Нэг их том биш ч иргэдийн сэтгэлд нийцсэн ажлыг тодорхой хэмжээнд хийж чадсан. Мөн тэдний санал бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшинд ажилласан. Гэхдээ жинхэнэ үнэн зөв үнэлэлтийг иргэд л өгдөг шүү дээ. Цаашид илүү их зорилго тавина. Ирж буй могой жил дүүргийн иргэдийн хувьд ч, удирдах ажилтны хүрээнд ч бүтээн байгуулалт ундарсан, амжилтын эхлэл болно. Тиймээс л бидэнд иргэн бүрийн дуу хоолойг сонсож, хамгийн оновчтой шийдвэрийг гаргах үүрэг, хариуцлага нэмэгдэж байгаа юм.

- Удахгүй cap шинийн баяр болох гэж байна. Гарч буй могой жилд хотын өнгө ямар байх бол. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?

- Cap шинийн баяр гэдэг монголчуудын уламжлалт ёс заншил, ёслолын өдөр. Мөн энэ баяраар бид бүтән жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирж байгаа онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрийнхөө ажил, амьдралыг сонжиж, үнэлэлт өгдөг үе шүү дээ. Гарч буй могой жил Багануур дүүрэгт маань өнтэй, өгөөжтэй, үр бүтээлтэй, иргэдтэйгээ хамтран бүтээх их бүтээн байгуулалтын гарааны жил байх болно.

- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан таньд баярлалаа.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
САНАСААР

чи сэтгүллч хийгээл яваанмуу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)