Миний цаг : Үхэл, амьдрал хоёр нэг зүйл

Үхэл, амьдрал хоёр нэг зүйл

Энэ дугаарынхаа “Нэг сэдвээр” буланд сэтгэл зүйн “Сэтгэлийн толь” төвийн сэтгэл судлаач Б.Ууганцэцэгийг урьж Монголчуудын үхлийн талаарх нийтлэг хандлага ямар байдаг талаар ярилцлаа.

-     Сэтгэл судлаачийн үүднээс харахад хүмүүс үхэлд хэрхэн ханддаг вэ?

-    Монголчуудын үхлийн талаарх ойлголтыг судлахад үхлийг хойшлуулдаг нь анзаарагддаг. Надад өнөөдөр, маргааш тохиохгүй гэж бүгдээрээ боддог. Үхэл бидэнтэй ойрхон байдаг гэж бодохоос айдаг. Үхлийн тухай бодож байж хүн айхаа больно. Ойр дотных нь хүн нас барахад хүн болгон дотоод сэтгэл мэдрэмжээ өөр өөрөөр гаргадаг. Амьдралын туршлага, үзэл бодол, сэтгэлийн хат, тэвчээр гээд сэтгэл зүйн бүрдлүүд ямар байгаагаас хагацлыг сөрж зогсож чадах эсэх нь хамаардаг. Үхсний араас үхэж болох биш гэж ярьдаг. Бүтэн амьдарч байгаад нэг хэсэг чинь алга болсон ч чи бүтэн хэвээрээ л байх ёстой гэсэн хандлага байдаг. Үхэл бол айдас гэж хүлээж авдаг. Хүүхдүүддээ энэ тухай ярьж, тайлбарладаггүй. Гэтэл яг бодит байдал дээр үхлийн тухай яриснаар амьдралын үнэ цэнэ мэдрэгддэг. Ганц амьдрах нас жаргаад үхье гэх хүн ч бий. Үхэл гэдэг амьдралын үнэ цэнийг ойлгуулдаг хамгийн том зүйл. Суут сэтгэгч Платон “Үхэл амьдрал хоёр нэг зүйл” гэж хэлсэн байдаг. Үхэл байгаа учраас амьдралын үнэ цэнэ тодорхойлойгддог.

-     Тодорхой жишээ хэлбэл...

-    “Та нарын хувьд тэр гэж хэн бэ?” сэдвээр оюутнуудаар эссэ бичүүлж задлан шинжилгээ хийж үзлээ л дээ. “Тэр” гэдэг нь тухайн оюутны хувьд хэн ч, юу ч байж болно. Тэдний бичсэн зүйлийг уншаад задлан шинжилгээ хийж үзэхэд бүгдээрээ л хайртай, дотно зүйлээсээ салахыг хүсэхгүй, байнга л хамт байхсан гэсэн хүсэл цухалзаж байсан. Үүний цаана нэг айдас харагдаж байгаа юм л даа. “Тэр” гэж онцолсон зүйл маань намайг орхиод одчих вий, байхгүй болчихвол “би яанаа” гэсэн бодол харагдсан. Нэг үгээр хэлбэл үхлээс бүгд айдаг. Ойр дотны тэр” хэмээн онцолж байсан хүн нь нас барлаа гэхэд үхэлд нь өөрийгөө буруутгасан, одоо хажууд байсан бол, тийм үйл явдал болоогүй бол гэсэн харуусал, санаашрал мэдрэгдэж байсан.

- Муу ёр, нүгэл гээд үхлийн тухай ярихаас аль болох цээрлэдэг энэ зөв үү?

-    Манайхан үхлийг их цээрлэдэг. Муу юм дуудаж байгаа юм шиг битгий уйл, хүн үхчихсэн биш гэж ярьдаг. Ярих дургүй. Энэ тухай бодохгүй явж байгаад насыг барна гэж боддог. Гэтэл үнэндээ хэзээ нэгэн цагт бүх хүнд тулгарах учраас гээд бие сэтгэлээ бэлтгэх ёстой. Бөөнөөрөө сууж байгаад үхэх тухай ярихаар сэдвийг өөрчилье, гоё юм яръя гэдэг. Залуу хүн үхэхгүй гэж боддог. Тэгээд хэн нэгнийгээ алдахаараа гүн хямралд ордог. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлийн шарх аньдаг гэдэг. Гэхдээ л үхэлтэй холбоотой шарх ямагт үлдэж байгаа нэгнийх нь сэтгэлд байж л байдаг. Тэр шархыг оёод эдгээсэн байлаа ч үхэлтэй холбоотой зүйлийг хүлээж авахдаа өөрт тохиолдсон хагацлын тухай бодож эхэлдэг. Хагацлынх нь тухай бодол тархинд байнга хөөрлийн голомт хэвээрээ байдаг. Бага байхдаа эмээгээ алдчихсан хүүхэд байлаа гэж бодъё. Хэн нэгэн хүн эмээгийнхээ тухай ярихад эмээгийнхээ үхлийн тухай юм уу, эсвэл амьд байсан бол гээд л бодох жишээтэй.

-    Бага насны хүүхэд ээж, аавыгаа алдлаа гэхэд мартчихна гэж найддаг. Тэгээд нас барсан хүний тухай аль болох ярихгүй, ярилаа гэхэд яриаг өөрчилж, анхаарлыг нь сарниулах гэж оролддог. Энэ үед яах ёстой вэ?

-    Ярихгүй байгаагаар асуудлыг мартуулчихаж байна гэж ойлговол эндүүрэл. Бага насны хүүхэдтэй нас барсан аав, ээжийнх нь тухай ярилцаж байх ёстой. Бүх зүйлийг хав дараад байвал сэтгэлд нь томоос том шарх бий болдог. Жаахан хүүхэд энэ бүхнийг мартчихна гэж найдах хэрэггүй. Хүн юуг ч мартдаггүй. Тийм болохоор хамт байсан сайхан үеэ дурсах эсвэл ээж, аавынх нь сайн хүн байсан тухай ярьж түүнд сайхан, гэгээн дурсамж болгон ярьж байх хэрэгтэй. Ярихгүй байна гэдэг хүүхдийн дотор байгаа зүйлийг авдарт хийгээд цоожлоод байгаа хэрэг. Тэр нь булгилж, булгилж нэг л өдөр авдарныхаа цоожийг зад татаад гарч ирнэ. Ингэхдээ ихээхэн бухимдалтай хэлбэрээр илэрдэг. Амиа хорлох, амьдралыг үзэн ядах гэх мэт. Гэхдээ ойр дотных нь хүнийг хэзээ ч эргэж ирэхгүй тухай хэлэхдээ маш болгоомжтой хандах ёстой.

-   Яриа эхлэхээс өмнөхөн та бүх зүйл ашиг сонирхлын онолоор  тайлбарлагдана гэж байсан шүү дээ. Тэгвэл үхэл дээр тэр онол яаж харагддаг юм бэ?

-    Заримдаа хүн хэн нэгнийг үхчихлээ гэхээр баярладаг шүү дээ. “Тэр нэг юм үхэж санаа амраалаа. Ашгүй дээ” гэх тохиолдол байдаг. Тэгэхээр үхэл хэнд тохиолдож байгаагаас хамаарч хүмүүст янз янзын хариу үйлдэл үзүүлдэг. Яагаад дотно хүнийг нас барахад чи ихээр гуниглаад байгаа юм бэ гэсэн асуултанд хариулаад үзье. Тэр хүнийг байхад сэтгэл санаа тайван, ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд баталгаатай гэдэг мэдрэмж төрж байдаг. Нөгөө хүн нь байхгүй болчихоор сэтгэл нь түгшээд, цаашид амьдарч чадахгүй юм шиг бүх зүйл дэнслэгдээд ирдэг. Ингэхээр хэн нэгнийг үхчихлээ гэж харуусаж байгаа харамсал, уй гуниг эргээд өөрийгөө бодох сэтгэлээс л үүдэлтэй байдаг. Хүн яах гэж хүүхэд төрүүдэг юм бэ? Магадгүй хөгшин настай болсон хойноо нүд чих амар байхсан, хөлөө хучуулах гэж. Хүн яагаад сайхан хүнтэй сууж, гэр бүл болно гэж боддог юм бэ? Өөрийгөө хайрлуулах гэж. Түүнээс нөгөө хүнээ хайрлах гэсэндээ биш. Энэ бүхэн ашиг сонирхлын онол. Үүнтэй санал нийлэхгүй хүн олон байгаа байх. Яг үүн шиг хэн нэгнийг үхчихвий гэсэн айдсын цаана ч бас ашиг сонирхол, сэтгэл санааны томоохон хүчин зүйл байдаг.

-    Нэг найз маань “Баруунд хүмүүс үхлийн өөдөөс инээгээд л хардаг. Тэд үхлийн тухай дуулж, шүлэглэж чаддаг. Харин монголчууд бид хэзээ ч тэгж чадахгүй” гэж байсан. Яагаад тэгж байгаа юм бол?

-    Багаас нь хүүхэддээ үхэл бол аймаар зүйл гэсэн ойлголт өгчихсөн учраас хэн ч тэрний тухай дуулж, шүлэглэж чадахгүй, түүнээс айж дагжин чичирч амьдардаг. Үхэл гэдэг бол айдас гэж боддогоос хэзээ ч амьдралын үнэ цэнэ гэж боддоггүй. Баруунд хүмүүс үхлийн тухай дуулж байна. Монголд байна уу? Байхгүй. Үхлийн тухай бичсэн ном зохиол тун ховорхон, байсан ч түүнийг уншдаггүй. Бичихийг ч хүсдэггүй. Би үхэл зөгнөчих вий гэсэн айдаг. Хүн ер нь үхлийн тухай бодож байх хэрэгтэй. Энэ тухай хүмүүст хэлбэл “Муу ёртой. Яасан аймаар юм бэ?” гэнэ. Харин ингэж бодсоноороо үхлээс амжиж тийм, тийм зүйлийг хийж дуусгахсан гэж яардаг. “Өнөөдөр хамгийн сүүлийн өдөр юм шиг амьдар” гэсэн үг байдаг шүү дээ. Харин бид бүгдийг маргааш, маргааш гэж хойшлуулдаг. Маргаашийг үзэж чадахгүй үхчихвэл гэсэн бодол огт байдаггүй. Энэ нь бидний уламжлал, ёс заншил, шашинтай ихээхэн холбоотой. Монголчууд маргааш амьдарна гэж бодоод хоолоо үлдээж хонодог. Хятадууд өнөө шөнө үхчихвэл яах вэ гээд бүх хоолоо иддэг гэдэг. Хоолоор л илэрхийлсэн болохоос биш энэ хүмүүсийн амьдралд хандаж байгаа хандлагыг илэрхийлж байгаа юм шиг. Тэд амьдралд шунаж байхад бид маргааш гэж хойшлуулдаг. Тэгээд маргааш нь байхгүй болчихдог. Өнөөдөр л амжиж хүмүүст сайхан үг хэлэх хэрэгтэй, хийж амжаагүй бүхнээ дуусгах гэж ёстой. Үхэхээ байг гэхэд маргааш гэж хойшлуулсан бүхэн биднийг бухимдуулдаг шүү дээ.

М.Гэрэлтуяа

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
deeg (зочин)

suuliin asuult-Baruunii uzel bodol n uuruu utga sanaa n bibli deer tulsan ted uhsen ch dahiad amidral bii gej uzdeg shuu ok

Усны хувилгаан (зочин)

Энэ чинь манай сайкоаналист байх шив дээ.

miga (зочин)

Er ni bichsen zuil chin taalagdlaa. Gol utga sanaa ni mash iheer taalagdaj baina. Zarim neg shuleglel ene ter baruunii tuhai het duuviilgusun ni taalagdsangui. Tuunees bish gol utga sanaa ni mash iheer taalagdsan shuu. Chamd bayarlala.

Урсогүухидду

Их сонирхолтой сэдэв барьж авчээ. Бас нэг талаас нь харахыг хичээдгүй хүн байна. Би энэ талаар бас өөрийнхөө бодолыг блогтоо бичнэ ээ.

Orgil (зочин)

Миний өдөр болгон боддог зүйл байна.Гэхдээ хүмүүсийн яагаад үхлийн тухай бодохоос айгаад байгаа юм бол монголчууд гэдгийг бодож үзсэн ү.........үхлийн дараах юу тохиолдох яаж үхдэг үхэл гэж юу гэдгийг сайн мэддэггүи болохоор байх.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)