Миний цаг : Солонгост долоо хоногт нэг монгол хүн архинаас болж амиа алддаг
Солонгос улс руу ажил эрхэлж, амьдралаа өөд татахаар хүмүүс цувсаар л... Азидаа хөгжлөөрөө дээгүүрт ордог Солонгос орны тухай телевизийн дэлгэц, ном, сэтгүүлээс л үзэж, хөгжил цэцэглэлтийг харсан бид хань ижил, үр хүүхдээ тийм л сайхан газар ажиллаж байгаа мэтээр төсөөлдөг. Солонгост байгаа монголчуудын жаргал зовлонг хуваалцахаар гурван жил тус улсад ажиллаад ирсэн Ч.Мөнхбаттай ярилцлаа.

- Одоо ч гэсэн солонгос яваад амьдрал ахуйгаа өөд нь татчих юмсан гэсэн хүн олон байгаа. Багагүй хугацаагаар амьдраад ирснийхээ хувьд юу гэж зөвлөх вэ?
- Эндээс анх очихдооо сард сая төгрөг аваад, жаргалын оронд амьдарна гэж боддог. Зовлогоо зовоож байж хэдэн цаас олдог. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ажил хийж байгаа халтар царайлсан зургаа нааш нь явуулдаггүй. Инээж наргисан, идэж уусан зургаа явуулдаг. Тэгэхээр ар гэрийнхэн, найз нөхөд нь нэг их мөнгөтэй хүн гэж боддог. Солонгосын амьдралын өртөг манайхтай харьцуулахад өндөр. Мөнгийг хайрлаж байж, зөв зарцуулж байж мөнгөтэй болно. Авсан цалингийнхаа талыг нь солонгост үрээд, талыг нь энд ар гэрийнхэн нь идэж уугаад дуусгадаг. Дөрөв таван жил болчихоод нэг ч төгрөггүй ээ гээд сууж байгаа хүн ч байдаг. Тэр битгий хэл хүнтэй сууж, хүүхэд гаргачихаад солонгост байгаа нөхрөөсөө мөнгө аваад амьдарч байгаа хүн ч байна. Нөхөр нь мэдээд “Монголд очоод яах юм бэ” гэхийг ч сонссон. Солонгос яваад ирсэн хүнийг манайхан байр, машины мөнгө хийгээд ирсэн мөнгөтэй хүн гэж хардаг. Тэгэхэд бараг тал хувь нь юу ч үгүй ирж байгаа. Хашаа байшингийн ч мөнгөтэй ирж байгаа нь ч цөөхөн дөө.
- Солонгос руу ажил хийхээр явсан залуучуудыг архинд орчихсон гэж дуулддаг. Үнэн үү?
- Хүн өөрийгөө хүндлээд, биеэ зөв авч явах юм бол Солонгост сайхан амьдарч болно. Хүний газар архи дарс уугаад явлаа гэж буруутгадаг. Үүнийг байх ёсгүй асуудал мэтээр хүлээж авах нь буруу. Солонгост ажиллах орчин нь дарамт шахалт ихтэй. Түүндээ бухимдсан хүмүүс стрессээ тайлах аргаа олохгүй архи уудаг. Дээрээс нь Монголд байгаа ар гэрийнхэн нь тийм ч сургуулийн төлбөр, ийм ч мөнгө өгч явуул гээд шахалтанд оруулдаг. Надтай хамт ажиллаж байсан залуу шөнө дунд цагт гэр рүүгээ залгаад л хэрэлдчихдэг. Өдөржин ажиллаж байгаад орой нь эхнэр рүүгээ ярихаар утсаа авдаггүй. Зарим үед залгахад нь хөгжим пижигнэсэн бааранд сууж байх жишээтэй. Энэнээс болж гэр орноосоо хол байгаа хүмүүс бие биенээ хардаж сэрдэх, маргалдах нь элбэг. Ингээд л тэд архи уугаад, согтуу үедээ хэрэг төвөгт орооцолддог. Миний сонсож байснаар Солонгост долоо хоногт нэг монгол хүн архинаас болж амиа алддаг гэсэн. Энэ жил эдийн засгийн хямралтай гээд ажил бага, тэрнийхээ хэрээр авах цалин нь бага байна. Халаасан дахь мөнгөө дагаад манайхны идэж уух нь ч багасаж байгаа.
- Ажил олгогчийн зүгээс дарамт шахалт их байдаг уу?
- Хот суурин газруудад ажил олгогчийн зүгээс дарамт бараг байдаггүй. Өөрийгөө л зөв ойлгуулж чадвал бүх зүйл ном журмынхаа дагуу явна. Хөдөө, уулын мухарт жижиг үйлдвэрт ажиллах их хэцүү. Тэнд очсон хүмүүсийг нэрээр нь ч дууддаггүй. Кинон дээр “Золигоо, золиг минь” гэж их ярьдаг шүү дээ. Монголчууд энэ үгийг их зөөлрүүлж орчуулсан. Түүнээс биш яг тэндээ энэ үг хараал. Тэнд байгаа монгол ажилчдыг тийм л хараалын үгээр дууддаг. Манайхан тэрэнд нь дасаад нэрээр нь дуудаж байгаа юм шиг болчихсон. Уул нь тэгж дуудахад нь харахгүй л байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийнхөө санаа бодлыг дарга удирдах ажилтандаа хэлж чаддаггүй. Анх би сургалтын төв дээр очсоныхоо дараа орчуулагч багшаараа “Би хэл мэдэхгүй ч хууль мэднээ” гээд бичүүлээд авчихсан. Захирлыгаа аюул осолтой үед “Хурдан ажлаа хий” гээд шахахаар нь тэр бичгээ харуулчихдаг. Тэгэхэд миний хажууд зогсож байгаа залуу хурдан хийгээд байхад л хурдан хий гээд загнаад байдаг.
- Монголчууд хаана ч очсон дасан зохицох чадвартай гэдэг шүү дээ. Саар зүйлээс гадна сайн тал нь юу байв?
- Манайд үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор бид чинь иймэрхүү дэглэмд дасаагүй юм байна. Ажлын найман цаг яс ажлын машины ард зогсох амаргүй. 22,23-тай залуучууд маань их шантардаг. Ажил хийж мэдэхгүй, сургууль соёлын мөр хөөсөн хүмүүс очоод ажил хийхээр их түүртдэг. Гэхдээ машин эвдэрлээ гэхэд солонгос инженерүүд ирээд засчихдаг. Маргааш нь ахиад л эвдэрчихнэ. Тэгэхэд манай нэг залуу очоод л засчихаж чаддаг. Солонгос инженерийн зассан тоног төхөөрөмж сар ажиллаж байхад, монгол залуугийн зассан нь гурван сар ямар ч асуудалгүй ажиллах жишээтэй. Ийм чадвартай хэрнээ хүнтэй аятайхан мэндэлж, инээж, сайхан ярьж чадахгүй болохоор үнэлэмж нь буурчихдаг. Үүнээсээ болоод монголчуудын нэр хүнд их унасан. Одоо монгол хүн ажилд орох гээд очиход дуртай хүлээж авдаг үйлдвэр ховордсон. Би бүх зүйлийг үгүйсгэх гээгүй л дээ. Тэнд ажиллаж чадаж байгаа сайхан залуучууд зөндөө. Эхнэр хүүхэдтэйгээ очоод сайхан амьдарч байгаа хүмүүс ч олон бий.
- Өөрийгөө хүндлэх, бусадтай харилцах тал дээр монголчууд дутмаг гэж та хэлж байна. Ёс заншил, хүмүүжил гээд олон л юм үүнд нөлөөтэй байх л даа?
- Солонгост хоёр настай хүүхэд хүнтэй мэндлээд сурчихсан байдаг. Бүр ярьж чадахгүй хэрнээ бөхийгөөд мэндэлдэг. Манай манайд аав ээжийгээ хүнтэй яриад сууж байхад хүүхэд нь өвөр дээгүүр нь харайлгаад, тавагтай идээнээс нь шүүрээд байдаг. Тэгэхэд тэнд гэрт нь зочин ирсэн бол хүүхэд өрөөнөөсөө бараг гарахгүй. Гарлаа гэхэд мэндэлчихээд өрөөний захаар тойрч явдаг. Нэг танил маань “Солонгосчууд уулнаас ногоо, навч түүгээд усанд буцалгаад ууж явсан ард түмэн. Хайр хүндлэл хоёрын үндсэн дээр өнөөдрийн хөгжил бий болсон” гэж надад ярьж байсан. Би нэг удаа солонгос найзаасаа “Та нарт үзэн яддаг хүн байдаг уу?” гэж асуусан юм. Тэгэхэд тэр “Тийм хүн байдаг ч тэгтэл нь үзэн ядаж болохгүй. Үзэн яддаг хүн маань харангадаад сууж байвал нэг аяга цайныхаа талыг нь өгнө” гэсэн. Америкийн нөлөө маш их байдаг нь мэдрэгддэг. Америкчуудыг тэд маш их хүндэтгэдэг, шүтдэг. Солонгосчууд америкийг “Миггүг” гэдэг. Үүнийг нь утгачилбал сайхан орон гэсэн утгатай үг юм л даа. Хамгийн гоё сайхан орон гэж ойлгодог.
- Эх орондоо ирээд сар болчихлоо. Гурван жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл их байна уу?
- Барилга байшин ч яахав. Гэхдээ нэг л зүйлийг хэлмээр байна. Бид ажлыг сэтгэлээсээ хийж сурах хэрэгтэй байна. Нэг албан газар руу ороход бүгдээрээ л ажил хийж байгаа юм шиг харагддаг. Яг үйлчилгээ авах гэхээр хэлж зөвлөөд өгөх хүн ч байхгүй. Мэндийн зөрөө ч байхгүй, эсвэл ажилтай байна гээд хаалгаа түгжээд гараад явчихдаг. Утсаар яриад суугаад байдаг. Гэтэл солонгост яг өрөөнөөсөө гарах гэж байхад нь хүн ороод ирвэл зөрж гардаггүй. Түр зогсоод мэндэлдэг. Хичнээн яарч байлаа ч орж ирсэн хүнийг хүндэтгэж байгаагаа тэгж илэрхийлдэг. Тавилгын дэлгүүрээс ор авах гээд дээр нь дарж үзэх, суухаар манайхан дургүйцдэг. Харин тэнд “Сууж үз, хэвт гээд л бүр хөлд массажны аппарат хөлөө амраа гэдэг”. Энэ бол бизнесийн ухаан. Манайханд сурах, өөрсдийгөө хөгжүүлэх их л зүйл байна даа.
М.Гэрэлтуяа
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Эхлэл ДИЗААН

Үнээн үнэн үнэн зүйл ярьж наа хүн чинь

Света

Бодууштай л санагдаад байгаан.

Арслантай авдар

Хахаха эндээс болохоор дандаа миарцан зурагнуудаа явуулдаг.Маангар санаатай гарууд.Тэхээр нь нөгөөдүүл нь лааг өрөвддөг байх даа хахахаааа

Ну ПОГОДИ

задаа мань ч бас санаа наалдаж байнаа хө манайхан чадвараа ашиглаж чаддаггүй нь л надаа харамсалтай санагддагдаа золиг гэж

Света

Монгол хүн чадалтай чадвартай гээд л цээжээ дэлдээд байдаг. Манай хажуухан нэг барилга баригдаж байгаам. Нэг хүн урт төмрийг гануураар таслаад л байдын. Тэгсэн тэр нь хужаа. Монголчууд тийм зэргийн юм хийж чадкү гэжүү? гэж гайхмаар. Ажилгүй хүнүүс байгаалайдаг. Тээд яав гэхээр ажил голоостой. Ер нь бол хүн ажлыг биш, ажил хүнийг голдог гээз дээ. Үйлчилгээнийхэн бол майр. Заримдаа үйлчлүүлжийгаа биш гуйлга гуйжийгаам шиг санагдаад явчдын.

Ну ПОГОДИ

тийшүү ямар ч ажилд сэтгэлээсээ хандах хэрэгтэй нэгэнт л хийж байгаа бол түр зуурых ч бай үгүй ч бай гол нь хийсэн шиг л хийх хэрэгтэй дээ

Света

Харин тэхх. Нээх сайхан үг байнаа цаа чинь Туулайхан минь. Хийсэн ажилдаа эзэн, идсэн хоололндоо сав бай гээд...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)