Миний цаг : Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн ажил


Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун гэдэг үг амны уншлага болсон ч бид тэр болгон хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаг билүү? Энэ сэдвээр ярилцахаар “Төгс амлалт” ТББ-ын гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач П.Буяндэлгэрийг урьлаа.

-Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?

- - Бид хүүхдээ огт сонсдоггүй. Хүүхдээ өнөөдөр юу хийж, хэнтэй нөхөрлөж, ямар бэрхшээл тохиолдоод байгааг нь ихэнх эцэг эхчүүд мэддэггүй. Гэрээсээ оргохоор завдсан, амиа хорлох гэж оролдсон гээд олон хүүхэдтэй би уулзаж байсан. Яагаад амиа хорлох гэж байгаа юм бэ? Шалтгааныг чинь аав ээж чинь мэдэх үү гээд асуухад “Тэд намайг хайхардаггүй. Заримдаа би тэднээс юм асуухаас ч айдаг. Намайг сонсдоггүй” гэж хариулж байсан. Ямар ч хүүхэд ээж, аав минь намайг сонсдог байгаасай гэж хүсдэг. Хэрвээ ээж, аав нь сонсоод, дэмждэг бол хүүхэд өөрийнхөө асуудлаа ярихаас хэзээ ч айхгүй. Харин эцэг эх нь хүүхдээ өөрийнхөө өмч мэт үзэж, “дуугүй л миний хэлснийг дага” гэсэн хандлага гаргадагаас хүүхдүүд найз нөхөддөө ханддаг. Найзууд нь амьдралын туршлага, мэдлэг бага учраас ижил хэмжээнд зөвлөгөө өгдөг. Эцэст нь хүүхэд найзуудтайгаа көвлөлдсөнийхөө дагуу шийдвэр гаргадаг.

- - Аав, ээжүүдийн ихэвчлэн гаргадаг алдаа?

- - Аав, ээж нь завгүй, өглөө сэрэхэд нь ч орой унтахад нь ч байдаггүй орчинд өссөн хүүхдүүд замбараагүй болдог. Хэн ч тэдэнд хайр халамж үзүүлэхгүй байгаа учраас тэр. Зарим ээж, аавууд орой би тийм юм авчирч өгнө, амралтын өдөр хамт кино үзнэ гэж амлачихаад хэлсэндээ хүрдэггүй. Харин хүүхэд бүхэл өдрийн турш тэр тухай боддог. Хамгийн их итгэж, хайрлаж, хүндэлдэг хүн нь өөрт нь худлаа хэлэхээр хүүхэд хэнд ч итгэхээ больдог. Бас эрх мэдэлгүй ээж, аавууд хүүхдээ хохироох нь элбэг. Хүүхэд нь яаж ч байсан юм хэлдэггүй. Эрх мэдэл гэдэг үгийг захирч зандрах гэж биш, өмгөөлж хамгаалах, хайр халамж үзүүлэх гэдэг утгаар нь ойлгоорой. Нэг жишээ хэлье. Ахтайгаа хэрэлдэж, элдвээр харааж байхад гэрийнхэн нь юу ч хэлэхгүй байгаад байвал хүүхэд эсэргүүцэгч болж хувирдаг. Хүүхдүүдээ хэт барьсан, болохгүй зүйл гарах тоолонд загнадаг, үг хэлэх гэхээр нь чи юу мэддэг юм бэ гэдэг нэг хэсэг бий. Ингээд ирэхээр хүүхэд дотогшоо хандлагатай болдог.

- - Үүнээс гарах хор хохиролын тухайд?

-Хүүхдийг зан чанарынх нь хувьд гадагшаа, дотогшоо гэж ангилж болно. Гадагшаа хандлагатай хүүхдүүд биеэ өмөөрдөг, бусдад хариуцлагаа тохдог. Ээж аав нь дэндүү их эрхлүүлэх, хүүхдүүд нь уйлахаараа айлгаж бүх асуудлуудаа шийдүүлэх, хэтэрхий замбараагүй байснаас болж өөрийнхөө бурууг бусдад тохдог болдог. Харин нөгөө хэсэг нь дэндүү их үүрэг хариуцлагын дунд буюу чи хийсэнгүй, чамаас болж гэсэн дарамтан дунд байсаар ямар ч эрх мэдэлгүй бүх хариуцлагыг өөртөө үүрдэг. Ингээд ирэхээрээ хүүхэд үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, санаа бодлоо хэнтэй ч хуваалцдаггүй, бүх зүйлийг надаас л боллоо гэж үздэг. Үүнийг дотогшоогоо чиглэсэн хандлагатай гэж хэлдэг. Ийм байдал даамжраад ирэхээрээ амиа хорлодог. Харин гадагшаагаа чиглэсэн хандлагатай хүүхдүүд эцэстээ мансууруулах бодис хэрэглэх, хэрэг төвөгт орооцолдох нь элбэг.

-Ээж аавууд ажилдаа түүртээд стресс бухимдалтай байдаг. Тийм болохоор хүүхэд гэхээсээ илүү өнөө маргаашийн хоол ундандаа санаа зовдог. Энэ нь буруу биш шүү дээ. Өнөөдөр амьдрал ийм л байна.

-Асуудалтай хүүхдийн цаана асуудалтай аав, ээж байдаг. Ээж, аавууд нь эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсвөл том болсон хойноо, хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Хүн хоолны газраар дайраад гарах юм бол хоол үнэртэнэ. Мужааны цехээр орвол мод үнэртдэг. Үүнтэй адил хайраар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд насанд хүрээд гэр бүл зохиохоороо хайраар дутаахгүйг хичээдэг. Хүн хаагуур явна, түүнийхээ үнэрийг шингээдэг. Хүүхдээ байнга тэг ингэ гэж юм хийлгэдэг, айлгаж зандардаг бол насанд хүрсэн ч байнга тийм албадлагыг хүсдэг. Цалинг чинь хасна, ажлаас чинь хална гэхээс нааш ажилд сэтгэлээсээ ханддаггүй. Энэ нь тэр чигээрээ амьдралын хэвшил болдог.

-Хүүхдийг загнах, зодох нь гэр бүлийн хүчирхийлэл гэж тооцдог. Гэтэл үнэндээ ээж аавд ийм эрх байгаа биз дээ... Хааяа алгадчих нь түүний сайн сайхны төлөө л байдаг.

-Бид нар өнөөдөр хүүхэддээ ирээдүйн амьдралыг нь заахгүй юм бол тэд хэн нэгнээс суралцах л хэрэгтэй болно. Хорих ангид хоригдож байгаа хүүхдүүдтэй ярьж байхад аав минь намайг анх энэ хүмүүстэй нийлж байхад алгадаад авахгүй яав даа, би нийлж даварсаар байгаад өнөөдөр шоронд сууж байна гэж ярих хүүхэд ч байсан. Бага балчир насанд нь маш бага хугацаанд сайн зан чанарыг сургачихаж болох байтал зааж өгөөгүйгээс үүдээд хань ижлээсээ салж байж, найз нөхдөөсөө тангараг тасарч, ял авах хүртлээ явж байж харилцаанд суралцдаг. Аав ээж нь сайн мууг хэлж сургаагүйгээс болж, цагдаа нар, шоронгийн харгалзагчид, буруу явдалтай хүмүүс тэдэнд заадаг, гэхдээ хайргүйгээр. Хүүхдийнхээ ямар нэгэн алдаан дээр нь “Чи яагаад ингэв?” гэж дандаа өнгөрсөн үе рүү нь харж буруутгадаг. Уур бол дандаа өнгөрсөн рүү нь хардаг. Хайр бол хүүхдийнхээ ирээдүй рүү нь хардаг. Хүүхэд минь дахиж ингэж битгий алдаасай гэж сахилгажуулдаг. Шийтгэл дарамт дагуулдаг бол хүмүүжүүлэх гэдэг өөр ойлголт. Ээж, аавууд хүүхдүүдээ шийтгэснээр сайн хүн болно гэж андуурдаг. Нэг залуу надад хандаж байсан юм. Тэр ямар ч албан газар орсон даргатайгаа муудалцаад ажлаасаа гардаг байсан гэсэн. Үүнийгээ надад тайлбарлахдаа дарга нар буруутай гэж хэлж байсан юм. Харин ярилцаад байсан чинь арван жилийнхээ, их сургуулийнхаа багш нартай ч таардаггүй байсныг нь мэдэж авсан. Цаад шалтгааныг нь судлаад байхад аав нь хар багаас нь жижиг сажиг зүйл дээр ч хамаагүй зоддог байснаас үүдээд надаас дээгүүр эрх мэдэлтэй бүхэн намайг нухчин дардаг гэсэн ойлголттой. Ингэхээр амьдралынхаа турш эрх мэдэлтэй, өөрөөсөө дээгүүр байгаа хүнийг үзэн яддаг. Эрх мэдлийг муу гэж үзсэн хүн хэзээ ч тайван байж чаддаггүй. Нэг газраас нөгөө рүү нүүсэн ч тэр хэвээрээ үлдэнэ.

- - Хүүхэд бол гэр бүлийн толь гэдэг. Ээж аавууд өөрсдөө амьдралдаа түүртээд, чин сэтгэлээсээ ярилцахад ач холбогдол өгдөггүй шүү дээ.

- - Бид хүүхдүүддээ ертөнцийг үзэх үзлийг нь төлөвшүүлдэг. Хүүхэд аав, ээжийнхээ мөнгөнд, бие биендээ, хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн харьцаж байгааг харж, суралцдаг. Хүүхдийнхээ хажууд хэрэлдэж, уралцаад байвал тийм л хүн болно, эхнэртэйгээ, нөхөртэйгөө яг л тэгж харьцана шүү дээ. Хайртай, дотно, итгэдэг хүмүүсийнхээ хийж байгаа зүйлийг түргэн хүлээж авдаг. Нэг ээж хүүгээ өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө гэрээсээ авчирсан машинаа сайн хараарай, хүүхдүүд хулгай хийчихнэ шүү гэж хэлжээ. Ангидаа ороод машинаараа тоглож байтал хүүхдүүд сонирхоод, үзье гэж гуйна. Тэгэхэд хүүхэд хэн нэг нь хулгайч, миний юмыг авна гэсэн өнцгөөс найзууддаа ханддаг. Яагаад гэхээр ээж нь “хүүхдүүд хулгайч шүү” гээд хэлчихсэн болохоор. Ээж нь охидууддаа “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ”, хөвгүүддээ “Эр хүн уйлдаггүй” гэж хэлдэг. Уг нь эрүүл л бол эр эмээс хамаарахгүй хүн уйлах ёстой. Ийм номлол доор өсч, сэтгэл хөдлөлөө дарсаар зан аашинд нь өөрчлөлт ордог.

-Ээж, аавууд хүүхдээ онц сурах ёстой, сайн сур гэдгээс биш хүмүүжилд нь анхаарахгүй байх шиг санагддаг. Сайн сурч байж л хоолондоо хүрнэ шүү гэж захидаг.

-Манай боловсролын тогтолцоо гурвалжин шатлалаар явдаг. Хэн 90-с дээш оноо авах вэ, хэн нь багшийн заасныг цээжилж, өгсөн тоог нь заасных нь дагуу бодож байна вэ гэдгээр үнэлдэг. Багшийн хийснийг дуурайж чадах юм бол гэсэн сармагчин байдлыг бий болгож байна. Гэтэл биеийн тамир, хөдөлмөр, дуу бүжигт авъяастай хүүхдүүд олон байдаг. Тэдний авъяасыг үнэлэх биш бүх хичээлийн дунджаар нь үнэлээд явчихдаг. Хүүхэд өөр орчинд өссөн, янз бүрийн чадвартай, үзэл бодолтой өсдөг. Найман нас хүртлээ хүүхдүүд их адилхан байдаг. Бусдаас ялгарах насан дээр нь чи онц сурсангүй, муу авлаа гэж баалах нь тэнэг асуудал. Дэлхийн суут зохион бүтээгч Томас Эдисоныг “Юм сурах чадваргүй, оюуны хомсдолтой” гэж багш нь дүгнэсэн байдаг. Аав, ээж нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байсан тухай түүх бий. Харин түүнийг байгаагүй бол хүн төрөлхтөн хэзээ лаанаасаа салах байсныг хэлж мэдэхгүй л сууж байгаа шүү дээ. Онц сурч байсан хүүхэд, муу сурлагатнаас илүү сайхан амьдрах юм шиг сэтгэгдлийг хар нялхаас нь хүүхдүүдэд суулгаж өгдөг. 18 настай залуу надтай уулзаад “Би ирээдүйд яаж амьдрахаа мэдэхгүй байна. Жолооч л болох байхаа. Аав ээж эгчийг их сургуульд сурах ёстой, харин намайг жолоочоос хэтрэхгүй байх гэж ярьдаг” гэж хэлж байсан. Ээж аав хоёр намайг хамгийн сайн мэднэ, би ийм л болох чадвартай гэж хүүхэд хүлээж аваад, сэтгэл зүйн хөгжил нь зогсдгийн нэг илрэл нь энэ юм. Тэр хүүхдийн дотор ээж, аав, өөрийнх нь олж хараагүй эрдэнэс нуугдаж байгаа. Хүүхэд түүнийг нь ухаж гаргадаг уурхайчин нь. Хүн өөрийгөө яаж харна, ертөнц түүнийг тэгж л хардаг.

-Өглөө гэрээсээ гараад үдэш гэртээ орж байгаа хүмүүст юун хүүхэдтэйгээ ярилцах. Тэгэхээр яах ёстой вэ?

-Зарим хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй телевиз үзээд суучихдаг мөртлөө, хүүхдээ ганц удаа ч тэвэрдэггүй. Хүүхдэд ээж, аавын хайр дүүрэн тэврэлт маш чухал байдаг. Хүүхэд аав, ээж гэсэн хоёр оршихуйн дундаас бүтэн хүн болж төлөвшинө. Ээж, аавын аль нэг нь байхгүй бол хүүхэд аль нэг талаараа доголдох нь элбэг үзэгдэл. Гэхдээ ээж, аав нь байгаа хэрнээ хүүхэддээ цаг зав гаргадаггүй бол байхгүйтэй адил. Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн ажил. Аавын дотно дулаан харьцаанаас хүүхэд зоримог, шийдэмгий, тууштай байдлыг шингээдэг бол ээжээс уян зөөлөн, нягт нямбай, эмх цэгцийг өөртөө авдаг. Харин дотно харьцааны дутагдалд орвол халшрамтгай, худалч, хоёр нүүртэй, замбараагүй хүн болно. Хүн хэдийгээр ээжээсээ төрж, сүүг нь амлан хүн болдог ч аавын дотно сайхан харьцаа, тэврэлтээс хайрыг өөртөө шингээдэг.

М.Гэрэлтуяа

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Гана

зарим үсэг нь харагдахгүйн...ээж болохоороо л хэрэгжүүлэхээр юм байна...

Света

Гана баярлалаа. Засчихлаа.

Анчин (зочин)

аав болох майр амархан байх майр кэцүү байх даа. тэхдээ болох байх 2лаа гоя шдэ.

Света

Тиймээ хоёулаа гоё. Санал нэг байна Анчаан.

Зочин

"Аав болно гэдэг нэг шөнийн жаргал. Аав байна гэдэг насан туршийн жаргал" гэл дээ

secretwish (зочин)

аав асар их нөлөөтэй хүн шүү, эрчүүд минь сайн уншаасай

Света

Хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг насан туршийн ажил байх л гэж бодоод байгаамшд.

мн (зочин)

энэ нийтлэлийг чинь уншмаар л байлаа гэхдээ энэ фонтны өнгө хэмжээ гээд нэг л бишээ. хэт том арзайз сарзайсан, нүд ядраамаар юмаа. найзаа чи энэ тал дээр анхаарвал яасын?

Света

За одоохон

Анчин (зочин)

мн: хоолоос хар шилтэй уншчихаач дээ

Хэрлэн (зочин)

өө сто үнэн юм бичсэнайн...

Ну ПОГОДИ

за тэгэхээр байнаа насан туршын ажилаа эхлүүлэхээс өмнө эх болох хүнээ эхлээд нэг харчаарай таминээ .... Гэчихээр одоо загнаад унанаа таануус золиг гэж

Дамдаа

хүүхэд ээ гэж бүхэл бүтэн бие даасан давтагдашгүй оюун санаа, бие даасан өөрийн мэдрэмжийг бид шинээр хүлээж авч байгаа юм даа шинэ хүн төрөхтэй зэрэг. ай хэцүү, би лав хүүхэд хүмүүжүүлж чадахгүй, ухаан ч хүрэхгүй бас айх юм билээ. Миний буруу байсан байвал яахын.

tsatsral (зочин)

Etseg boloh, aav bh 2 chini oor zuil shuu dee. Etseg eh ni toruulsen huuhdee hayad yavahad osgoson humuus ni aav eej ni boldog. Huneer hun hiine gdg amargui l bh. Tiim bolohoor HAMGAALALTAA sain sanaj bval hunii ami taslahgui yumdaa etseg ehchuudee!!!!

Света

Хэрлэн хэрэг болохоор юм байна хэмээн үнэлсэнд талархав. Заяц яагаад загнана гэж? Дамдаа чадахгүй гээд ямар аав, ээж болохгүй байлтай биш дээ. Цацралаа нэг л ойсонгүй. Энд тэр эрзээний тухай юу ч яриагүй шд. Зүгээр л ээж, аав байхын, хүүхдээ хүн болгох тухай л...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)