Миний цаг : Зүрх өвдөөд...

Зүрх өвдөөд...

Өнөөдөр ШШГЕГазрын харъяа хорих анги дээр очлоо. Нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна. Тохойн чинээ үрээ тэврээд ханьдаа очиж байгаа бүсгүй, таягаа тулж хөлсөө бурзайлган хүүдээ очих аав, тамхи чихэр барьчихаад андыгаа зорих нөхөр... Бичиг баримт дутуу гээд хаалгаар нь шагайж чадахгүй, гэхдээ бас буцаад явж чадахгүй бүртэгнэх хэн нэгэн... Амьдралд сайн муу сайхан муухай зүйл олон тохиолддог. Тэр л нугачаан дунд бүдэрсэн олон аавын хүүхдүүд өнөөдөр ялтан болж, доогуур харж дорой дуугаран амьдарч байна. Бяцхан үрээсээ салж чадахгүй хоргодож, уулзалтын гуравхан цагийг энгэртээ тэвэрч, эр хүний гансрал ганцаардал харууслын нулимсаа унагаан суух залууг хараад нулимс урсаж, сэтгэл өвдөнө. Нийгмийн хог шаар гэж хэн нэгэн харж болох ч тэд чинь ээждээ энхрий хүү нь, ханьдаа бол уул шиг өмөг түшиг, хүүдээ сайн сайхны туйл болсон монгол эр. Гэхдээ тэд алдсан... Хийсэн алдааныхаа шийтгэлийг аваад уйлж, ухаарч, магад заримдаа хэн нэгэнд хорсож суугаа... Тэнд байгаа хүмүүсээс нэг залууг онцолмоор байна. нүдэнд дулаахан, сайхан инээмсэглэдэг, хүнтэй хэл амаа ядах зүйлгүй олоод л... Хорих ангийн ажилтан албан хаагчид ч түүнд сайн гэдэг нь харваас анзаарагдаж байсан юм. Энэ залуу их сайн залуу байхаа гэж яриа өдөхөд тус хорих ангийн нэг ажилтан ийн ярив. "Эхнэртэйгээ хамт явж байгаад хүмүүстэй зодолдоод... Эхнэр нь нас барчихсан. Харин зодолдсон залуус нь олдоогүй. Харин энэ залуу эхнэрээ алсан хэрэгт сэжигдэгдэж, улмаар 13 жилийн ял авсан. Намайг цаазын ял өг. Эхнэрээ алаагүйг минь хэзээ нэг өдөр та нар мэднэ. Тэр үелээ та нар... гээд гөжүүдэлдэг л юм..." хэмээн ярив. Ханиа алдчихаад өөрөө халуун залуу насныхаа 13 жилийг төмөр торны цаана өнгөрөөхөөр яллуулчихсан бол яана аа гэсэн бодол сэтгэлийг минь өвтгөөд байна. 500 гаруй хоригдол... Хаалгаар орж ирж байгаа хүмүүсийг хараад өөрийнх нь хамаатан, ойр дотны хэн нэгэн байвал инээд цацраан тосох... Харин гэрээс нь хэн нэгэн ирээгүй байгаа тэр л хүмүүс... Амьдраас гээгдчихсэн юм шиг... Хаалга ширтэх, орж ирэх хүн рүү горьдонгуй, гэхдээ итгэлгүй харцаар харах... Алдаж эндсэн ч гэсэн эдгээр хүмүүсийг адлах сэтгэл надад лав төрөөгүй ээ. Амьдрал баян шүү дээ. Хэзээ нэг өдөр ээждээ, ханьдаа, хүүдээ очиж л таарна. Харанхуйгаас гэрэл гэгээтэй амьдрал руу итгэл тээн ирнэ. Тэр үед нь харин энэ нийгэм тэднийг хүн шиг хүн гэж хүлээж аваасай. Орон шоронгийнх гэж битгий адлаасай... Хүсэх зүйл тэр л байна... 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Sarnai (зочин)

bas l gaihaltai bna
Chmag harhad iim uyan zuulun gej haragddagui sh dee....

Technetium

уншсан чинь зүрх өвджийнөө өрөвдөлтэймаа :(

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)