Миний цаг : 7 сарын 1

7 сарын 1

Би энэ өдрийг.... 

Долдугаар сарын нэгний өдрийн үйл явдлыг эрх баригчид яагаад хүнд ойлгогдохоор ярьж тайлбарлахгүй байгаа юм болоо? Эмээ, өвөө хоёр энэ насандаа ч үзээгүй муухай явдал гээд, ээж аав хоёр болдог юм болдгоороо боллоо гэлцээд, ах болохоор цагдаа нарыг буруутгаад л... Уул нь бүх телевизээр жагсаал цуглааны тухай мэдээ шил шилээ даран урсаж байсан ч ажил ойрхон болохоор үйл явдлыг өөрийн нүдээр хармаар санагдаад МАХН-ын байрны тийшээ байн байн гүйж очсонсон тэр өдөр. Жаахан байхад байрны банди нар нөгөө байрныхантай чулуугаар байлддагтай адилхан ч юм шиг “шог” санагдаж байсан л даа. Ах маань чулуун байлдаанд ялагдаж, тархи толгойгоо хагалуулж, нүүр нүд нь хөх эрээн болчихоод орж ирэхээрээ “За тэр муу нөгөө байрныхныг ганцаараа явж байхад нь барьж аваад хашраагаад хаяна даа” гээд л шазуураа зуудаг шиг цагдаа нар жагсагчидтай хийсэн чулуун байлдаанд ялагдсандаа шар нь гозойгоод “Та нарыг нэг болгоод өгнө дөө” гэж  орой нь бодсон биз.
Талбай дээрээс гэртээ хариад зурагтаа асаасан чинь бүх л сувгаар жагсагчид, цагдаагийн хоорондох мөргөлдөөн... Хар мянган цагдаа өдрөөс хойш яаж ийгээд зохицуулчих боломж байсан юм шиг одоо ч надад санагддаг. Дээрээс нь байрандаа бүгээд байсан эрхмүүд гараад ирсэн бол хүний амь нас үрэгдээ ч үү, үгүй ч үү? Бүх л телевизийн сувгаар орой болгон гардаг нөгөө дарга нар хаашаа алга болчихов оо, гарч ирээд эсвэл телевизээр ч гэсэн нүүр царайгаа харуулаад болж байгаа үйл явдалтай холбоотой үг хэлж яагаад болоогүй юм бэ? Ер нь энэ улс орон чинь эзэнтэй юм уу, үгүй юм уу гэсэн бодол  чнадад төрж байсан. Би ухаан орж, наана цааныг мэдэх болсноосоо хойш цагдаа энгийн хүмүүсийн хооронд ийм юм болж байгааг хараа ч үгүй. Америкийн боевик киног эс тооцвол шүү дээ.

Онцгой байдал зарлаж телевизийн эфир хаахаас өмнөхөн “Ийгл”-ээр хүн буудуулж нас барсан тухай хальт сонсоод л түүнээс хойш нэг сувгаар дөрөв хоног тархиа нэвт шувт угаалгасаныг одоо хэлэх нь илүүц биз. Хэн нэгнийг байшин шатааж, дээрэм хийж байхад нь цагдаагийнхан газар дээр нь буудчихсан юм байх даа гэсэн шүү ухааны юм бодоод байсан чинь үгүй байвсан шүү дээ. Хамгийн харамсалтай нь үйл явдал болсон халуун цэг дээр хэн ч үхээгүй, харин хаа байсан хол нэгдүгээр эмнэлгийн тэнд хүнийг бүр араас нь хөөж байгаад буудсан явдал. Ёстой нөгөө байрны жаалуудыг чихдээд авна даа гэж ах уурладаг шиг цагдаа нар буудах зөвшөөрөл авангуутаа сэжигтэй санагдсан хэнийг ч хамаагүй буудаж эгнээндээ хамт явсан нөхдүүдийнхээ өшөөг авч дээ гэж бодогдмоор. Би битгий хэл аав ээжийн маань үеийнхэн ч ийм гэнэтийн юм үзээгүй. Цагдаа, цэргийнхэн ч бидэнтэй адилхан л байж таарна. Нэг л улс, нэг л хотод, нэг л нийгэмд амьдарч байгаагаас хойш. Хамт ажиллаж байсан хүмүүс нь гэмтлийн эмнэлэгт очиж, халуун нар, шидсэн чулуу, дээрээс өгсөн тушаал гурвын дунд өдөржин доромжлуулсан цагдаа нарын бухимдал нь дийлж хүн рүү буу шагайхад хүрсэн шүү дээ. Хэрвээ харанхуй шөнөөр цагдаагийн шагайсан бууны тэнэсэн суманд өөрийнх нь танил тал, хамаатан садан өртсөн бол маргааш нь тэр яах байсан бол? Энэ чинь дайн биш шүү дээ. Эцсийн эцэст хүний амь нас хохирсон нь харамсалтай. Орой 22-23 цагийн үед цагдаа нар гэнэтхэн илбэдүүлсэн юм шиг алга болчихсон байсныг би худлаа л хараагүй бол анзаарсан. Хэвлэл мэдээллийнхэн тэрүүгээр зөндөө байсан болохоор мэдэж байгаа л байх. .

Долоон сарын 2, 3, 4... Ганцхан сувгаар мэдээлэл авч, “арьсаа хамгаалах” гэсэн арчаагүй “ихсийн”, бас цагдаа нарын үгийг сонссон. Юмыг ингэж нэг өнцгөөс нь харуулж, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн тайлбарлах ямар аймаар юм бэ?  Энэ хэд хоногийн турш цагдаа нар бүхнийг хамгаалалтандаа авч, 700, 800 хүнийг хоморголон баривчилж, зодож, дарамталж ёолохоор нь “Цагдаа нар тэгээд өвддөггүй юм уу, яасан их цагдаа руу чулуу шиддэг юм бэ?” гэж байсан тухай ТҮЦ орж тамхи авахаар яваад баривчлагдсан нэгэн танил маань ярьж байлаа. Хэлж байсан үг, хийж байсан үйлдэл цагдаа нарт хувь хүнийх нь чанар давамгайлж, хор шар, өс хонзонгоор баривчилгаа хийж, хүмүүсийг буудсан нь илтгээд байгаа юм биш үү. Яс юман дээрээ тэр өдөр хувьсгалт намын байрны цонх хагарч байхад алга ташин баярлаж байсан хүмүүсийн дунд хувьсгалт намын их хуралд гарч чадаагүй гэдгээ мэдсэн нөхдүүд ч байсан шүү. Сонгуульд өч төчнөөн мөнгө зарлагадчихаад, гарч чадалгүй баргар царайлсан, амаараа шороо үмхэнэ гээч нь болчихсон хүмүүст энхрий хайрт нам тэдэнд сонин биш шүү дээ. УИХ-д орохгүй бол өөр хийж чадах ажилгүй, 10 гаруй жил парламентад суусан эрхмүүд жирийн иргэн болж чадахгүй, бүр тийм амьдралыг огт төсөөлж чадахгүй байгаа нь ерөөсөө л манай хууль тогтоох байгууллага юу болж хувирсныг харуулж байгаа хэрэг. Телевизийн сувгууд эл өдрийн үйл явдлын мэдээг шуурхай дамжуулж байсан. Хийх ажилгүй, хүний өвөр түрий харж явдаг урт гартнууд олон хүн цугларч, эх адаггүй болсон “ийм сайхан” боломжийг алдана гэж үү? Эхэндээ эрх баригчдад хандаж цугларсан хүмүүс зорилгоо биелүүлэхийн тулд цагдаа нартай тулгарч, сүүлдээ цагдаа иргэд хоёр тал болж чулуугаар байлдсан шүү дээ.

Өглөө гэрээсээ гарч яваад жинхэнэ танкийг “амьдаар нь” анх удаа харсансан.  Танк хүлчихээд гэрэл нь асахаар нүд нь гялалзаад амьд байна гэж ярьж байсан аль 1930-аад оныхонтой адил онцгой байдал гэдэг чинь ямар аймаар юм бэ гэсээр ажил дээрээ бушуухан орж ирж билээ. Муу эр дайнд хөөрнө гэсэн үг онцгой байдал зарласны дараа жинхэнэ утгаараа цагдаагийнхан дээр харагдаж, ниргэсэн хойно нь ингэж хашгирах хэрэг байна уу даа гэсэн бодол төрж байв.

Байшин шатаж байхад гал командын машин ирэхэд жагсагчдын зарим нь чулуу нүүлгэж байсан. Тэр нь надад ер таалагдаагүй. Дэндүү ухамсаргүй, арай ч дээ гэж бодогдсоныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Бүр дэлхийн дайн майны үед улаан загалмай, түргэн тусламжийнхныг чөлөөтэй нэвтрүүлдэг байхад иймэрхүү байж болохгүй л дээ.

Долдугаар сарын 3-нд хотын төвөөр явж байгаад зүс таних цагдаа залуутай Соёлын төв өргөөний хойхно тааралдлаа. “Цагдаа нар олуулаа байсан хэрнээ яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байсаар ийм байдалд хүргэчихвээ? Аль өдрөөс хойш ямар нэгэн арга хэмжээ авчихаж болохгүй байсан юм уу? Зүгээр л шилэн бамбайныхаа цаана нуугдаад чулууны бай шиг л харагдсан” гэтэл өөдөөс “Бүх цагдаа нарыг нийслэлийн цагдаагийн газарт цуглуулж хоёр цаг шахам байлгасан. Тэр үед цөс нь хөөрсөн жагсагчид хяналтаас гарч, олз хайсан хүмүүс тэр хавийн газруудыг тоночихсон. Би ч бүр айгаад багананы ард ороод нуугдчихсан” гэснээр бидний богинохон яриа дууслаа.
start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Фиона

ёооё, ямар урт, аймар бичлэг вэ, би их муухай хүн л дээ. хэн тэднийг тийм жагсаалд оч гэсийн. хийх ажилгүйдээ л тэнэж явсан биз дээ. би жагссан хүмүүсийг хэлж байна. улс төрчдийн тоглоом, гар хөл болох дуртайдаа, хоосон тархидаадаа л тэнд очоо биз дээ. яах гэж анхнаасаа хүчирхийлэл үүсгэсэн юм. угаасаа хаана ч мөргөлдөөн болсон галт зэвсэг хэрэглэдэг ш дээ. дэлхийн бүх улсад

MES POSTZ

Энэ талаар өөрийн гэсэн тогтсон бодолгүй болсоон Олон урсгал, чиглэлийн угаалтаар угаалгасаар байгаад тархи маань энэ талаарх мэдээллээр аль ч үгүй болсон. Яг тэнд юу болсныг мэдэхээ байсан.

Гэхдээ л энэ Кальцин бол тэнэг хүүхэд байна гэж бодож байна.

beggy (зочин)

кальцин бодгаль үнэхээр муухай хүн юмаа. Boston-д болсон нэгэн үймээнээр бас 5 хүний аминд хүрээд дараа нь буруутан нь (Төрийн албан хаагч байсан.) олдоод хариуцлагаа цаазын ял сонсож хүлээж байсан түүх байдаг юм билээ.

Ицми (зочин)

энэ бол эрх барих эрх мэдлийн төлөө улс төрчид ямар увайгүй, шившигтэй үйлийг хийж болдгийг харуулсан маш том жишээ юм л даа. энэ үйлдэлдээ ард түмнийг ашиглаж чадсан хөгийн новшнууд. яг үнэндээ тэр өдөр жагсаал цуглаанд хүмүүс сэтгэлийн дуудлагаараа очсон юм шүү. би тэнд очихдоо зүгээр хэдэн улс төрчдийн гар хөл болсон амьтад абйгаа байх гэж бодож очсон. гэтэл шал өөр дүр зураг хараад би бүр гйахаж, хүмүүсийг ингэж үзэл бодлоо хамгаалж байгаад нь баярлаж байсан. харамсалтай нь ХУ намынхан дундуур нь элдвийн эрүүгийнхнийг шургуулж зориудаар тийм байдлыг бий болгосон. энэ бол үе үеийн коммунистуудын хийж заншсан зүйл.

бодгаль: юм уншиж наад хоосон толгойгоо цэнэглэ мангараа. энэ хорвоод олон ангит со кино гаргадаг зурагтнаас гадна ном, сонин, сэтгүүл гээд хүний тархийг цэнэглэх олон юм абйдаг юм.

Hanper

ene ugaasaa oldohgui l dee ...
gehdee odoo rezinen sumtai buu muu ashiglahgui te o.O
tm hunii l buruu baihdaa :(

Света

Жил жил энэ өдрөөр хэвлэл мэдээллийнхэн баахан ярихаас өөрөөр ямар ч хувирал байхгүй байгаад л харамсаж байна. Ядаж амь нас эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсээс уучлал хүсэх хэрэгтэй л баймаар

Xe Xe (зочин)

Zugeeree sonin khewleleer baga ch gesen yrigdaj baigaa n ikh yum. Khediigeer khen ch tookhgui baigaa yum shig dur zurag kharagdaj baigaa bolowch ter khun alsan nukhduud, tushaasan nukhduudiin dotood setgeld yaj nuluulj baigaag bi tusuulj baina.

крафти

угаасаа буруутай буудсанг нь тушаасанг ч тэр олчихлооч яаж ч чаддагүймдаа тэхээр төр ард түмнээсээ уучлалтгуйх хэрэгтэй байгаам тэгээд ахиад ийм байдалд хүмүүсийг оруулмааргүй байна цагдаа ч тэр иргэд ч тэр бүгд л амьд явах эрүүл байх эрхтэй ,,,,хэрэв төр засгийн толгойд байгаа нөхөд огцорох хэрэгтэй бүүр улс төрөөс холдох хэрэгтэй ху ,ардчилсан намын энэ унхиа царайлсан гарууд ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)